Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар тус комиссын төлөөллийн хамт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зориулсан бэлтгэл ажлыг 9 салбар хороо, нийт 236 ажилтан, албан хаагч хариуцан, өндөр хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэд бүтэц, зүлэгжүүлэлт, инженерийн шийдлүүд, үзэгчдийн аюулгүй байдал, урсгал хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зэрэг олон талт ажлууд үе шаттайгаар хэрэгжиж, наадмыг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл хангагдаж буйг албаны төлөөлөл онцоллоо.
Наадмын нээлт, хаалт болон соёл, урлагийн хөтөлбөрт нийт 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, мөн 100 гаруй хувийн хэвшлийн байгууллага оролцож, түүх, соёл, өв уламжлалыг орчин цагийн хөг аялгуу, өнгө төрхөөр баяжуулан хүргэхээр ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь Үндэсний их баяр наадмын гол цогцолбор болж, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, спорт, урлагийн тоглолт, уламжлалт бөхийн барилдаан зэрэг үндсэн үйл ажиллагаа төвлөрөх тул холбогдох бүх салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадам бол монгол түмний эв нэгдэл, соёлын дархлааг илтгэсэн чухал арга хэмжээ бөгөөд энэ жил уламжлал, шинэчлэлийн тэнцвэртэй шийдлээр, иргэдийн аюулгүй байдал, тав тухыг нэн тэргүүнд тавин зохион байгуулагдаж байгааг холбогдох албаныхан мэдэгдлээ.