“Store Pay Winter Land” мөсөн хотхоны тохижилтын бүтээн байгуулалттай Ерөнхий сайд Г.Занданшатар танилцлаа

“Store Pay Winter Land” мөсөн хотхоны тохижилтын бүтээн байгуулалттай Ерөнхий сайд Г.Занданшатар танилцлаа

ТүгээхShare共有する공유하기

Төв цэнгэлдэх хүрээлэнд хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Store Pay Winter Land” мөсөн хотхоны тохижилтын бүтээн байгуулалттай Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар танилцлаа.

Сурагчдын өвлийн амралт, шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн 9 дүүрэгт мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн эзэмшлийн орчныг тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, чарганы зам, иргэд амрах тохилог орчныг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна.Уг хотхон нь иж бүрэн гэрэлтүүлэгтэйгээс гадна тэшүүр, чарганы түрээсийн үйлчилгээ, халуун ундаа, хөнгөн зуушаар үйлчлэх цэгүүдийг байршуулах зэргээр жишиг түвшинд тохижуулагдсан бөгөөд иргэд, хүүхэд багачуудад өвлийн улиралд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ашиглах зорилтын хүрээнд зун наадам зохион байгуулах, намрын улиралд ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хаврын улиралд цагаан сарын үзэсгэлэн, нөөцийн махны худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.Энэ өвөл хэрэгжиж буй “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” төслийн хүрээнд Улаанбаатар хотын задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэдийн амрах орчин, үйлчилгээний цэгүүдийг цогцоор нь шийдсэн нь онцлог юм.

Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Store Pay болон Төв цэнгэлдэх хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит жишээ болж, нийслэлчүүдийн өвлийн чөлөөт цагийг чанартай, аюулгүй өнгөрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт гэдгийг иргэд онцолж байна.