“Ахиллис Монгол клуб”-ын санаачилгаар 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хөгжилтэй гүйлт–2025” тэмцээн энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн зам талбайд амжилттай үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудыг багаас нь хөдөлгөөн, дасгал хийж эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой бөгөөд нийгмийн олон давхаргад эерэг нөлөө үзүүлдэг уламжлалт арга хэмжээ болжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олон гүйлтийн тэмцээнийг дэмжиж, орчин үеийн шаардлага хангасан, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тэмцээний үеэр гүйлтийн замыг засварлан шинэчилж, тохижилт сайжруулахын зэрэгцээ оролцогчид, үзэгчдэд тав тухтай нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа нь тус хүрээлэнгийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм.
“Хөгжилтэй гүйлт–2025” нь хүүхэд багачуудын бие бялдар, эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөнөөр дамжуулан нийгэмд эерэг хандлага бий болгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа тул Төв цэнгэлдэх хүрээлэн нь цаашид ч эрүүл амьдралын хэв маягийг дэмжих олон нийтийн арга хэмжээнүүдийг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ.